Дөрвөн улирал
Намар цаг улиран одож, цас орон өвөл цаг айсуй. Хааяа ,нэг сайхан газар орж суугаад кофе уусан шигээ тэр нэгэн үеийг дурсах дуртай.
Төгсөх ангид орохын өмнөх зун. Сургууль төгсөх хариуцлагатай мөч хаяанд дөхөж байгаа учир багш маань биднийг нэг ч хүүхэд таслахгүйгээр зуны сургалтанд суух хэрэгтэйг анхааруулсан тул бүгд л тэр сургалтанд хамрагдацгаав.
Зун халуун шатаад, амралтын үе болохоор аяндаа л “толгой ажиллахгүй” зовооно, сургалтын үр дүн ямар л байх бол доо гэх мэт элдэв төсөөлөл тийм ч сайхан байхаар бодогдохгүй байсан шүү…
За тэгээд очоод бодлого бодоод л байх юм байна гээд залхсан шинжтэй байв. Өдрийн цагтаа хичээлээ амжуулаад л сургалт маань нэгэн хэвийн уйтгартай үргэлжилж байлаа. Бид чинь зуны амралтаар хичээлээ хийж буй сурагчид шүү дээ.
Гэтэл нэг өдөр багшийг хичээл зааж байтал гаднаас нэлээн хэдэн хүн ирчихсэн багштай уулзалдан тэднийг “Миний шилдэг шавь нар” гэж танилцуулав.
Багшийн маань хоёр үеийн шавь нар тойрон зогсоод бие биетэйгээ танилцлаа. Би хүн болгонтой гар барин мэндэлж явснаа ,нэг ах дээр ирэхэд өөрийн эрхгүй тэр хүнээс харцаа салгаж чадахгүй байлаа. Яая!!! …“Би дурлачихжээ” … мэндэлж буй үг нь чихэнд , сэтгэлд дотно сонсогдоод , зүрхээ минутанд хэд цохилж байгааг ч тоолохын аргагүй болон би өөрөө ер бусын өөр ертөнцөд айлчилсан юм… Ингэж бид хоёрын хайрын түүх эхэлсэн юм.
Намар болох дөхөж тэр маань алсын алс харьд биш ч Монгол улсын нийслэл Улаанбаатарыг зорилоо. Хоёр талдаа бөөн гуниг. Намрын дохио болсон моддын шарлаж унасан навчсын тоогоор би хамгийн дотно түүнтэйгээ хамт байсан өдрүүдээ бодож бусдын адил гуниж, гундаж эхлэв. Яг л замаар хийсэх,гуу жалгаар бөөгнөрөн хуйлрах намрын навчис шиг…
Бид хоёр өдөртөө мессеж бичиж, оройдоо байнга ярьж байсан ч сэтгэл дотор минь нэг л хоосон. Хичээлээ тараад моддын дор алхах зуураа “Намар ч надтай адилхан хайртыгаа хүлээж суудаг байх даа” гэсэн тэнэгдүү бодол толгойд эргэлдэнэ.
Ашгүй тэрний минь өвлийн амралт эхэлж , ирэхээр болов. Би ч догдлоод бөөн баяр болж байтал гэнэт утас дуугаран ” ирж чадахгүй” гэдгийг нь сонсоод зүрх минь зүгээр л хөлдчих шиг болов. Ганцаардан сууж байтал тэр минь цэцэг барьчихсан үүдэнд зогсож байхыг хараад зүрх минь арай л зогсчихсонгүй. Түүнийгээ дахиж хэзээ ч явуулахгүй тэврээд л баймаар байсан ч боломжгүйг мэдэж л байв. Бид хоёрыг байгаль дэлхий өхөөрдөн баясгаж тэр үдэш цас орлоо. Энэ цас зөвхөн бид хоёрт зориулсан юм шиг хамгийн гайхалтай, үлгэрийн юм шиг, зүүдлээд байгаа ч юм шиг хэн нэгэнд үгээр дүрслэхийн аргаагүй үдэш байлаа.
Удалгүй тэр минь явахаар болж “Удахгүй ээ, хайр нь хаврын нэгэн өдөр нисээд л ирнэ” гээд явав. Би түүнтэйгээ уулзчихсан болохоор сэтгэл нэг л намуухан, дулаахан, баяр бахдалтайгаар түүнийгээ үдэв.
Өвлийн ганцаардсан хүйтэн өдрүүд дуусч, хаврын нар хурц санагдаж, шувууд хавар болсны дохио болгож баясгалантайгаар жиргэнэ. Хотын өнгө өөрчлөгдөж ногоорч эхлэхэд хүмүүс нойрноосоо сэрсэн мэт бухимдаж эхлэнэ. Яагаад ч юм бидний сэтгэл зүрх үүнтэй адилхан хуйсагнах вий гэж айж суув. Харин тэр минь алсын алсад суралцах болсон талаар сонсоод, би яахаа ч мэдэхгүй байсан. Эхэндээ итгэж өгөхгүй, явуулж чадахгүй гээд л жоохон охин шиг аашилж гарлаа. Гэсэн ч тэр маань явсан нь маш ухаалаг зөв үйлдэл байсан юм. Хол зай хос хоёрыг холдуулна гэгчээр бид хоёр улам холдсоор л байлаа…
Гэхдээ би хэзээ ч түүнд муу санаж байгаагүй. Харин ч тэр минь надад зуны хөгжилтэй өдрүүд, намрын налгар урт удааныг, өвлийн хайрын бэлгэдэл болсон цасыг, хаврын сэтгэлийн нэг нандин утсыг хөндсөн догдлолыг мэдрүүлсэн болохоор би баярлаж,хамгийн хэцүү үедээ тэр “нандин дурсамжаа” хөглөн өөрөөрөө бахархаж явдаг.
Дөрвөн улирал нэг жилтэй тэнцэнэ. Миний амьдралд тохиолдсон энэ дөрвөн улирлыг би хэзээ ч мартахгүй…